Friday, September 27, 2013

Монгол Улсад телевизийн урлаг үүсч, хөгжсөний 46 жилийн ойн мэндчилгээ

Зурагт зулын хойморт заларч, Улаанбаатар хотын иргэд ертөнцийн чимээг дуу, дүрстэйгээр хүлээн авч эхэлснээс хойш  46 оныг үдэж, дуу дүрсний гайхамшиг Монголын ард түмний ертөнцийг харах нүд, сонсох чих болсон байна. Телевизийн урлагийн үүсэл, хөгжлийн түүх болсон МҮОНТ-ийн хамт олон, уран бүтээлчид, инженер техникийн ажилтнууд та бүхэндээ  Монгол Улсад телевизийн урлаг үүсч, хөгжсөний 46 жилийн ойн баярын мэнд хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсэн мэндчилье. Шинжлэх ухааны гайхамшигаар, шинэ мэдээлэлийг хүргэхээр цаг хугацаатай уралдан ажиллаж, телевиз хэмээх шинэ салбарын хөгжлийн түүхийг бичиж яваа та бүхний  гавьяа зүтгэлийг онцлон дурдахад таатай байна.
Нийслэлийн шинэ удирдлагууд төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод, авлига хүнд сурталгүй болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Иргэндээ үйлчилдэг, иргэнээ сонсдог төрийн үйлчилгээг бий болгохын тулд бид мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах тухай шийдвэр гаргасан.  Энэхүү шийдвэрийн дагуу нийслэлийн удирдлагын зүгээс гаргасан аливаа шийдвэрийг иргэд хянах, санал бодлоо тусгах боломжтой болсон.  Улаанбаатар хотыг хөгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхлээд явж байна. Бидний энэ бүх ажил та бүхний хөдөлмөрийн үр шимээр урагшилж, иргэд, төрийн байгууллагын уялдаа холбоо сайжирч, төрийн бодлогод олон нийтийн санаа бодол тусдаг  болсныг бахархан тэмдэглэе.
1980 онд Монгол хүн анх сансарт ниссэн, 2008 онд анхны Олимпийн аваргатай болсон гайхамшигт мэдээг дамжуулж байсанчлан  2040 онд  Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотод хүн төрөлхтөний спортын их наадам Олимп болж байгаа тухай чихэнд чимэгтэй сайхан мэдээг дэлхийн өнцөг булан бүрт шууд дамжуулан хүргэх болтугай гэсэн сайхан ерөөлийг дэвшүүлж байна.
Та бүхэнд  уран бүтээлийн өндрөөс өндөр ажилт хүсэн ерөөе.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

No comments:

Post a Comment