Хором бүр шинэ санаа, шинэ мэдээллийг эрэн хайж нийгмээсээ ямагт нэг алхмын өмнө гишгэж, түмэн олонд мэдлэг түгээдэг гавьяат үйлсийн эзэд Та бүхэндээ Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний түүхт ойн мэндийг дэвшүүлье.
Нийслэлийн удирдлагын шинэ баг төрийн үйлчилгээг нээлттэй ил тод, авлига хүнд сурталгүй болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Иргэндээ жинхэнэ утгаар нь үйлчилдэг, иргэнээ сонсдог, оролцоог нь хангадаг төрийн үйлчилгээг бий болгохын тулд бид ажлаа авмагцаа мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах тухай шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу нийслэлийн удирдлагын зүгээс гаргасан аливаа шийдвэрийг иргэд хянах, санал бодлоо тусгах боломжтой болсноос гадна мэдээлэх эрхийг сэтгүүлчдэд нээлттэй олгож байгаа юм. Бид Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг УИХ-аар хуульчлан батлуулж, гэр хорооллыг дахин төлөвлөх бүтээн байгуулалтын ажлыг ирэх сараас эхлүүлэхээр боллоо. Бидний, үр хойчийн амьдрах хотыг эрүүл, аюулгүй, дэлхийн жишигт хүрсэн хөгжилтэй болгох үйлсэд Та бүхэн урьдын адил хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна. Нийслэлийн хөгжлийн түүхийг бичихэд сэтгүүлчдийн мэргэн санаа, шүүмжлэл бидний ажилд урам өгч, урагшлах замд ташуур болох болно.
Та бүхний оюун гэгээн, ухаан хурц байх болтугай.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2013 оны 3 дугаар сарын 06-ны өдөр
No comments:
Post a Comment