Thursday, October 24, 2013

Монгол Улсын Ерөнхийлөгч нийслэлийн удирдлагуудтай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнөөдөр нийслэл хотын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, А.Ганбаатар, Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, нийслэлийн талаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын орлогчид оролцлоо.
Энэ аравдугаар сарын 29-нд нийслэл хотын өдөр, нийслэлийн 374 жилийн ойг тэмдэглэнэ. Түүний өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч нийслэлийн үйл ажиллагаатай танилцаж байгаад Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга талархал илэрхийллээ. Нийслэлийн шинэчлэлийн баг энэ өдрийг жилийн ажлаа дүгнэх, алдаа оноогоо хэлэлцэх өдөр болгон тэмдэглэхээр болжээ. Үүний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хийж буй ажлаасаа танилцуулав.

Wednesday, October 23, 2013

Мэндчилгээ

Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ!
Улаанбаатар хотын иргэд ээ!
Та бүхэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 374 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Нийслэлийн шинэчлэлийн баг нийслэлийн өдрийг жилийн ажлаа дүгнэх, алдаа оноогоо хэлэлцэх өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлээд байгаа юм. Тиймээс өнгөрсөн хугацаанд нийслэл Улаанбаатар хотдоо хийсэн томоохон бүтээн байгуулалтууд, төрийн үйлчилгээний шинэчлэл, онцлох шийдвэрүүдээ түүвэрлэн нийслэлийн иргэд Та бүхэндээ танилцуулж байна.

Friday, October 18, 2013

Уриалга

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын   хамт олонд:
              Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Хүнс,  худалдаа, үйлчилгээний  салбарын  хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх, хүнсний хангамж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрүүл  зохистой  хэрэглээг хэвшүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулахад нийслэлийн төр захиргааны  байгууллагуудтай хамтран ажилладаг та бүхэнд талархал илэрхийлье. Улсын маань нийслэлийн 374 жилийн ой хэдхэн хоногийн дараа  тохионо.Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан НИЙСЛЭЛЧҮҮДДЭЭ  бодитой бэлэг барьж  “Урамтай урамшуулал, хэмнэлттэй  хямдрал” сэдэвт  худалдаа, үйлчилгээг зохион байгуулахыг та бүхэнд УРИАЛЖ  байна.

Monday, October 7, 2013

Улаан-Үд хотын захирагчийг хүлээн авч уулзав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улаан-Үд хотын Захирагч Голков Александр Михайлович тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үүд хоттой Улаанбаатар хот найрсаг харилцаатай байж, олон талын салбарт хамтран ажиллаж ирсэн. Тэр дундаа Улаанбаатар хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын чиглэлээр хийж байгаа үйлсэд Улаан-Үд хотын оруулж буй хувь нэмэр их юм гээд хотын дарга нийслэлд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл өглөө. Тухайлбал Улаанбаатар хотыг 2030 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, зам барилга ажлын талаар танилцуулж бүтээн байгуулалтын ажилд Улаан-Үд хоттой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дуулгасан юм. Харин Улаан-Үд хотын Захирагч халуунаар дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд, ойрын үед Улаан-Үд хотод Улаанбаатарын өдрүүдийг зохион байгуулах саналтай байгаагаа хэлж, Улаанбаатар хотын Захирагчийг Улаан-Үд хотод айлчлахыг урилаа.